2026-03-23 article Номинзул Ч 319 1319 үг ~7 мин
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ НИСГЭГЧ  ХУРАНДАА НАСАН ОВОГТОЙ БАЯСГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ НИСГЭГЧ ХУРАНДАА НАСАН ОВОГТОЙ БАЯСГАЛАН
Боржигон овогт хурандаа Насангийн Баясгалан нь 1961 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн.
Боловсрол:
1980 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 14 дүгээр дунд сургууль, 1986 онд хуучнаар ЗХУ-ын Фрунзе хотын цэргийн нисэхийн нэгдсэн сургуулийг тус тус төгссөн. Нисгэгч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
1980 онд хугацаат цэргийн албанд татагдан Ардын Армын 137 дугаар ангид байлдагч механикч, 1983 онд тус ангидаа МиГ-21ПФМ сөнөөгч онгоцны радио электрон тоноглолын механикчийн албан тушаалд улиран ахлагч цолтой ажиллаж байгаад 1986 онд Ардын Армийн 251 дүгээр ангид Ми-8, Ми-24В байлдааны нисдэг тэрэгний нисгэгч-операторын албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
1986 онд Ардын армийн 251 дүгээр ангид нисдэг тэрэгний нисэх багийн захирагч, 1991 онд Ардын Армийн 137 дугаар ангид хэсгийн захирагч, багш нисгэгч, 1995 онд байлдааны нисдэг тэрэгний эскадрилийн штабын дарга, 1999 онд эскадрилийн захирагчаар ажиллаж байгаад ангийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орсноор 2003 онд ардын армиас бэлтгэл офицероор чөлөөлөгдсөн.
Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн нисэхийн ангиуд шинэ зохион байгуулалтанд орж, зэвсэглэлд агаарын хөлгүүд нэмэгдэн орж ирсэнээр 2008 онд Зэвсэгт хүчний 303 дугаар ангид нисэх багийн захирагчаар, 2011 онд Зэвсэгт хүчний 337 дугаар ангид захирагчийн нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч-эскадрилийн захирагч, 2020 оны 01 дүгээр сараас захирагчийн нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч, нисгэгчээр, 2022 оны 02 дугаар сараас Зэвсэгт хүчний 303 дугаар ангид багш-шалгагч нисгэгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна.
Хурандаа Н.Баясгалан нь нисэхийн сургуулийн сонсогчоос нисдэг тэрэгний оператор-нисгэгч, нисэх багийн захирагч, хэсгийн захирагч-багш нисгэгч, захирагчийн нислэг эрхэлсэн орлогч, багш-шалгагч нисгэгч, захирагчийн нислэг эрхэлсэн орлогч-эскадрилийн захирагч, захирагчийн нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч зэрэг албан тушаалуудад томилогдон зэвсэгт хүчинд нийт 36 жил, цэргийн нисэхэд 33 жил хүч хөдөлмөрөө зориулж ирсэн, дадлага, туршлагатай, багш-шалгагч, мэргэжлийн нэгдүгээр зэрэгтэй нисгэгч юм.
Тэрээр 1991 онд Ми-24 загварын нисдэг тэрэгний багш нисгэгч, 2011 онд Ми-8 нисдэг тэрэгний багш нисгэгч, 2012 онд Ми-171 нисдэг тэрэгний багш нисгэгчийн эрхээ тус тус авсан. Олон төрлийн нисдэг тэргэн дээр багшлах эрхтэй манай цэргийн нисэх хүчинд төдийгүй Монгол Улсдаа цөөхөн тооцогдох багшлах эрхтэй нисгэгчдийн нэг юм.
Хурандаа Н.Баясгалан нь агаарт нийт 5100 цаг, 10200 километр замыг туулж 124,000 зорчигчдод үйлчилж, 985,000 тонн ачаа тээвэрлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон гадаад улсын өндөр хэмжээний зочдод үйлчлэх, батлан хамгаалах, хил хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, байгалийн гамшиг, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай түргэн тусламж, эрэн хайх, авран туслах, ой хээрийн түймрийг унтраах бие бүрэлдэхүүнийг шилжүүлэн байрлуулах, хоол хүнс тээвэрлэн хүргэх, агаарын тандалт хийх, агаарын хөлгийг агаарт нисгэж шалгах, их засварт хүргэх, хүлээн авч ирэх нислэгүүдийг осол зөрчилгүй гүйцэтгэж ирсэн.
2013 онд “Хан хэнтий”-д Монгол Улсын Ерөнхий сайд, 2017 онд “Алтай таван богд”-ын районд төөрсөн Израиль улсын жуулчдыг агаараас эрэн хайж аврах, 2017 онд “Отгон тэнгэр хайрхан”-д осолдсон уулчдыг эрэн хайх, аврах баг, техник хэрэгслийг ослын газарт тээвэрлэн хүргэх, татан гаргах, 2012, 2013 онд Улсын их хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуудас, санал хураалтын машин тээвэрлэж хүргэх, авах, 2015 онд Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, 2017,2018 онд Сэлэнгэ,Төв аймгуудын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийн бүсэд Онцгой байдлын албан хаагчдыг буулгах, шилжүүлэх, татан авах, 2017-2018 онуудад анх удаа Монгол Улсын зэвсэгт хүчний хэмжээнд ашиглагдаж байгаа салаа, салбаруудын радиолокацийн стандуудын ажиллагаа, бэлэн байдал болон хэт нам, дунд, дээд өндөрүүдийн агаарын цель илрүүлэлтийг шаглах Агаарын Цэргийн Командлалын штабын дарга бригадын генерал Б.Батбаяраар ахлуулсан комиссын бүрэлдэхүүнтэй баруун, зүүн, төв бүсийн аймаг сумдуудад тусгай үүргийн, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийг Элбэгдоржийн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 184 дүгээр зарилгаар Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, Монголчуудын түүх, соёл, өв уламжлал, хөгжил дэвшил, мөнх оршихуйг бэлгэдэн бүтээлэгсэн Соёмбот хүрэл хөшөөнүүдийг Орвог гашууны бор толгой, Алтай таван богд, Монгол шарын даваа, Соёлз уулын модтой хамар гэх Монгол Улсын 4 захын цэгүүдэд байрлуулах бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2017 онд Алтай таван богд, Монгол шарын даваа, Соёлз уулын модтой толгой гэсэн 3 цэгт газраар тээвэрлэлт хийх боломжгүй байсан тул Ми-171Е маягийн нисдэг тэргээр тээвэрлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажилд оролцож, биечлэн багш нисгэгчээр тусгай үүргийн 2017 онд гамшгийн нөхцөл байдалтай танилцах Улсын онцгой комиссын ажлын хэсэгт үйлчлэх, 2020 онд Өмнөговь, Дорноговь аймаг, Зүүн баян төмөр зам, нефть боловсруулах үйлдвэр, Дорнод аймагт Тамсагийн нефтийн олборлолт, Халх гол сумын бүтээн байгуулалттай танилцах Ерөнхий сайдын захиалгат нислэг, 1984, 1986, 1987, 2016, 2017 онд ОХУ-ын Новосибирск, Улаан-Үүд хотын нисэх онгоцны үйлдвэрт их засвар хийгдэх агаарын хөлгийг хүргэж өгөх, авах, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, ажлын хэсэг орон нутагт буй Зэвсэгт хүчний анги, салбар, нэгтгэлийн ажил байдалтай танилцах, 2012-2024 онд олон улсын хамтарсан “Хааны эрэл”, ” Баланс мейжик”, “Нүүдэлчин заан” болон Зэвсэгт хүчний ангиудын команд штабын хээрийн сургууль, буудлага, 2012-2024 онуудад Онцгой байдал, Зэвсэгт хүчний албан хаагчдын Сэлэнгэ аймгийн “Гүн нуур”, Архангай аймгийн “Өгий нуур”, Төв аймгийн “Хагийн хар” нуур, Дорнод аймгийн “Буйр” нууруудад хийгдсэн усны буулт, төрийн албаны шалгалтаар явж байгаад осолдсон комиссын бүрэлдэхүүнийг татан авах, 2020 онд Архангай аймгийн Цагаан даваанд автын осолд орж түлэгдсэн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, Төв аймгийн Заамар суманд болсон уурхайн нурангид дарагдсан иргэдийг татан авах ажиллагаа, хилийн хороо, заставуудын хилийн цагийн байдлыг агаараас тандах, хүнс, хувцасны хангалт, техник хэрэгсэл тээвэрлэх, эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх нислэгүүдийг хийж гүйцэтгэсэн.
Оросын Холбооны Улс, Монгол улсын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2008-2009 онд Монгол улсад нийлүүлсэн Ми-24В, Ми-8Т, Ми-171Е маягийн агаарын хөлгүүдийг хүлээн авч нэгэн зэрэг нисэх бүрэлдэхүүний завсардалтыг арилгах, нислэгийн ур чадварыг сэргээх, ахиулах, бие даасан нислэгт гаргах ажлуудыг богино хугацаанд амжилттай зохион байгуулсан.
Оросын Холбооны Улсад нисэхийн сургууль төгсөж ирсэн залуу нисгэгчдийн мэргэжлийн ур чадвар, бэлтгэлийн түвшин, нисэх ангийн гүйцэтгэх үүргийн онцлогт тохируулан зөөх нислэгийг амжилттай хийж гүйцэтгэснээр нисэхийн шинэ үеийн боловсон хүчнийг бие даан нислэгийн үүрэг гүйцэтгэх ур чадварыг эзэмшүүлсэн дадлага туршлагатай шалгагч, багш нисгэгч юм. Багш нисгэгч хурандаа Н.Баясгалан нь богино хугацаанд цэргийн шинэ техникийг эзэмшин өөрийн дадлага, туршлагыг бусдад зааж сургах, эзэмшүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр бэлтгэлээс татагдан ирсэн нисэхийн мэргэжлийн боловсон хүчнийг богино хугацаанд өөрийн оронд сургах боломжийг бүрдүүлэн нисгэгч нарын нислэг хоорондын завсарласан хугацааны сургалт болон нисдэг тэргэнд шилжин суралцах боломжийг бүрдүүлэн сурган дадлагажуулж Ми-8Т, Ми-171Е, Ми-24В нисдэг тэрэгний багш нисгэгч 5, нисэх багийн дарга 12, нисгэгч-штурман, оператор-нисгэгч 18 нийт 35 нисгэгчийг бие даасан нислэгт гарган ОХУ-д явуулж сургах тогтолцоог өөрчилж гадаад валютын зардлыг багасгасан нь түүний ажлын нэг гол үзүүлэлт юм.
Хурандаа Н.Баясгалан нь Ми-8Т, Ми-8П, Ми-8МТВ, Ми-171Е,Ми-24В маягийн агаарын хөлгүүдээр онцгой болон тусгай үүргийн нислэгүүдийг он удаан жил осол, зөрчилгүй гүйцэтгэсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахидаг, хамт олны дунд нэр хүндтэй, багаар ажиллах, зохион байгуулах, удирдах чадвар сайтай, Зэвсэгт хүчний шинэчлэлд өөрийн хувь нэмрийг оруулсан мэргэжлийн өндөр дадлага, туршлагатай, багшлах, шалгах зэрэгтэй нисгэгч юм.
Зэвсэгт хүчин, цэргийн нисэхэд үр бүтээлтэй, идэвхи зүтгэл гарган ажилласныг төр засгаас өндрөөр үнэлэн
Гавьяа шагнал:
- 1985 онд “Цэргийн алдар” медаль
- 1987 онд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн “Хүндэт тэмдэг”
- Монголын залуучуудын холбооны “Тэргүүний ажилчин залуу” алтан медаль
- “Ардын хувьсгалын 80, 90 жилийн ой” медаль
- 1998, 1999 онд “Дайчин алдар” I, II, II зэргийн медаль
- 1991, 1996, 2001 онд “Эх орны төлөө” I, II, III зэргийн хүндэт тэмдэг
- 2012 онд Онцгой байдлын албаны төлөө 1 дүгээр зэргийн хүндэт тэмдэг
- 2011 онд “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдэг
- 2013 онд “Онц хилчин” цол тэмдэг
- 2001 онд “Их Монгол улс байгуулагдсаны 800 жил” медаль
- 2017 онд Монголын иргэний агаарын тээврийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 130 дугаар зарлигаар “Цэргийн хүндэт медаль”
- 2014 оны 152 дугаар зарлигаар “Цэргийн гавьяаны одон”
- 2016 оны 170 дугаар зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон
- Монгол Улсын батлан хамгаалахын сайдын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар “Батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг”
- 2019 онд “Улсын онцгой комиссын хүндэт медаль”
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн зарлигаар ‘’Монгол Улсын гавъяат нисгэгч’’ цолоор тус тус шагнагдсан.